40 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх

40.1.Барьцааны мэдэгдлийг барьцаалагч, эсхүл түүний төлөөлөгч цахим хэлбэрээр бүртгүүлнэ.

40.2.Барьцаалагч барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх зөвшөөрлийг барьцаалуулагчаас бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр авах бөгөөд уг зөвшөөрлийг барьцааны гэрээнд тусгаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

40.3.Барьцаалагч болон барьцаалуулагч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр харилцан тохиролцсон бол барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулахаас өмнө, эсхүл барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

40.4.Дампуурлын тухай хууль тогтоомжид заасны дагуу үүсэх барьцааг шүүхээс томилсон хэрэг гүйцэтгэгч, шүүхийн шийдвэрээр үүсэх барьцааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, татварын хууль тогтоомжид заасны дагуу үүсэх барьцааг татварын байгууллага барьцаалуулагчийн зөвшөөрөлгүйгээр цахим мэдээллийн санд оруулна.

40.5.Барьцааны гэрээнд энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан мэдээлэлтэй холбоотойгоор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ талаар барьцаалагч цахим мэдээллийн санд бүртгүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

40.6.Барьцааны гэрээний хугацааг сунгасан тохиолдолд барьцаалагч барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.