54 дугаар зүйл. Барьцааны зүйлийг борлуулснаас олсон орлогыг хуваарилах
54.1.Барьцааны зүйлийг энэ хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулахтай холбогдон гарсан зардлыг төлсний дараа барьцаалагч нь барьцааны зүйлийг борлуулснаас олсон орлогыг өөрийн болон бусад барьцаалагчийн барьцааны шаардлагыг энэ хуульд заасан дарааллын дагуу хангаж, үлдэгдлийг нь барьцаалуулагчид олгоно.
54.2.Энэ хуулийн 54.1-д зүйлд заасны дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулснаас олсон орлогыг хуваарилахаас 10-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 50.3-т заасан этгээдэд орлого хуваарилах он, сар, өдөр, газар, орлого хуваарилахад гаргах шаардлага, нотлох баримтыг хүргүүлж болох хаягийн талаарх мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд уг мэдэгдлийг энэ хуулийн 50.3-т заасан мэдэгдэлтэй хамт, эсхүл тусад нь хүргүүлж болно.
54.3.Барьцаалагч энэ хуулийн 54.1-д заасны дагуу барьцааны зүйлийг борлуулснаас олсон орлогыг хуваарилахдаа дараах дарааллыг баримтална:
54.3.1.барьцааны зүйлийг эзэмшилдээ авах, хадгалах, худалдан борлуулахтай холбогдон гарсан бодит зардал;
54.3.2.энэ хуульд заасан өөрөөс өмнөх дарааллын шаардлага;
54.3.3.барьцааны эрхийг хэрэгжүүлж байгаа барьцаалагчийн өөрийн шаардлага;
54.3.4.барьцааны зүйлийг борлуулснаас олсон орлогыг хуваарилахаас өмнө энэ хуулийн 54.2-т заасан мэдэгдэл, нотлох баримт ирүүлсэн дарааллын хувьд дараах бусад барьцаалагчийн шаардлага.