12 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх гэрээт анги
12.1.Гал түймэртэй тэмцэх гэрээт анги онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын орон тооны үндсэн нэгж бөгөөд төрөөс санхүүжиж, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэрт гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймрийг унтраах үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
12.2.Гал түймэртэй тэмцэх гэрээт анги ажиллуулсантай холбогдон гарах зардлыг тухайн гэрээлэгч аж ахуйн нэгж, байгууллага гэрээний дагуу улсын төсөвт шилжүүлнэ.
12.3.Гал түймэр унтраах үйл ажиллагаанд нэмэлт хүн хүч, техник шаардлагатай тохиолдолд гал түймэртэй тэмцэх гэрээт ангийг дуудлагаар ажиллуулж болно.
12.4.Гал түймэртэй тэмцэх гэрээт ангийн алба хаагч онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндсэн алба хаагч байх бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан албан хаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж, дүрэмт хувцас, бусад баталгаагаар хангагдана.
12.5.Гал түймэртэй тэмцэх гэрээт ангид алба хаагч ажиллуулах журам, гэрээний загвар, нэг алба хаагчид ногдох зардлын хэмжээг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.6.Гал түймэртэй тэмцэх гэрээт ангийн холбогдох алба хаагчид түүний мэргэжил, дадлага, туршлага болон ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан энэ хуулийн 5.3-т заасны дагуу улсын байцаагчийн эрх олгож болно.