13 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.Хүүхэд харах үйлчилгээг энэ хуулийн 6.4-д заасан иргэн зохион байгуулна.
13.2.Иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах болон сунгуулах нөхцөл, шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар баг, хорооны Засаг даргад хүсэлт гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлага болон баримт бичгийн бүрдлийг хангасан эсэхийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хянан, магадлан шалгах ажиллагааг хийнэ. Магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын гурван өдөрт багтаан дүгнэлтийг баримт бичгийн хамт сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. Сум, дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг ажлын таван өдөрт багтаан гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.4.Энэ хуулийн 13.3-т заасны дагуу баг, хорооны Засаг дарга дүгнэлт гаргахад орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.5.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./