7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл

7.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үүргийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/ хэрэгжүүлнэ.

7.2.Үндэсний зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд байна.

7.3.Үндэсний зөвлөл Улсын Их Хуралд ажлаа жилд нэг удаа тайлагнана.

7.4.Үндэсний зөвлөл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын удирдлагын төлөөллийн тэнцүү оролцоог хангасан, орон тооны бус бүрэлдэхүүнтэй байна.

7.5.Үндэсний зөвлөл орон тооны ажлын албатай байна.

7.6.Үндэсний зөвлөл дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

7.6.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, хөтөлбөр, холбогдох дүрэм, журмын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах;

7.6.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах;

7.6.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт дэвшил, дэвшилтэт техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих;

7.6.4.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар үүрэг, чиглэл өгөх, зөвлөмж гаргах, ажлын хэсэг байгуулах;

7.6.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, чиглэл өгөх, тайлан мэдээ гаргах;

7.6.6.замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулах, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.6.7.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, захиргааны шийдвэр, стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах, шаардлага тавих;

7.6.8.байгууллага, албан тушаалтнаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;

7.6.9.иргэдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг сурталчлах, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр санамж, зөвлөгөө үнэ төлбөргүй нийтлэх, нэвтрүүлэх, түгээхийг үүрэг болгох, хэрэгжилтэд хяналт тавих;

7.6.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.