8 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын эрх, үүрэг
8.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах үүргийг гүйцэтгэнэ:
8.1.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.2.замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах.
8.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах эрхтэй байна:
8.2.1.замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх;
8.2.2.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;
8.2.3.жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох;
8.2.4.холбогдох хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах; /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.2.5.зэвсэгт хүчин болон хилийн цэргийн техникийн шалгах албыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн чиг үүргээр харьяалах.
8.2.6.хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслийн жолоочийн ажиллах, амрах горим, хөдөлгөөний хурдны хязгаарлалтыг баримталж байгаа эсэхийг хяналтын төхөөрөмжийн мэдээлэлд үндэслэн шалгаж тогтоох. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
8.3.Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.Энэ хуулийн 8.3-т заасан журамд дараах асуудлыг тусгана:
8.4.1.замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд эргүүлийн чиглэлийн хяналтын бүсийг тогтоох, хяналтын арга, хэлбэр, зам, замын байгууламж, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, зөрчлийг бүртгэж, шийдвэрлэх үйл ажиллагаа, зам тээврийн ослын газрыг хамгаалах, тээврийн хэрэгслийг дайчлах, албадан зогсоох, эрэн сурвалжлах, тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, замын хөдөлгөөнд хяналт тавихад хөтлөх бүртгэл, судалгаа, маягтын загвар;
8.4.2.бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журамд торгууль оногдуулах, шийдвэрлэх, гүйцэтгэлд тавих хяналт, торгуулийн хуудасны загвар, бүртгэл, мэдээллийн сангийн асуудал;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.4.3.зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд зөрчил тус бүрд тооцох оноо болон онооны нийт хэмжээ, оноог тооцох үндэслэл, хариуцлага, мэдээллийг иргэнд хүргэх асуудал. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./