7 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төслийн сонсгол
7.1.Хууль санаачлагч дараах тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсруулахад хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулна:
7.1.1.хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх;
7.1.2.нийтийн ашиг сонирхолд шууд хамааралтай эдийн засаг, нийгмийн болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэх.
7.1.3.зөвшөөрөл шинээр бий болгох асуудлаар Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.2.Байнгын хорооны гишүүдийн 15-аас доошгүй нь хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах санал тавибал уг сонсголыг заавал явуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.3.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн сонсгол хийх хүсэлтээ иргэн, хуулийн этгээд тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргана.
7.4.Хууль санаачлагч хууль, тогтоомжийн төслийг боловсруулах үе шатанд олон нийтээр тухайн асуудлыг хэлэлцүүлсэн нь хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулахгүй байх үндэслэл болохгүй.
7.5.Хууль тогтоомжийн төслийн сонсголыг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох бөгөөд уг шаардлагыг хангаагүй зохион байгуулсан сонсголыг хүчингүйд тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./