8 дугаар зүйл. Ерөнхий хяналтын сонсгол
8.1.Улсын Их Хурал нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна.
8.2.Улсын Их Хурлаас зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна:
8.3.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан;
8.3.2.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн хүлээн авсан. /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.Ерөнхий хяналтын сонсголыг явуулах тухай иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлт нь доор дурдсан шаардлагыг хангасан байна:
8.4.1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага;
8.4.2.өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тухай болон сонсголыг зохион байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхой заасан байх.
8.5.Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тогтмол явуулах бөгөөд тухайн хууль, тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг, дараагийн сонсголыг таван жил тутамд нэгээс доошгүй удаа заавал зохион байгуулна.
8.6.Ерөнхий хяналтын сонсголыг явуулснаас хойш нэг жилийн дотор тухайн асуудлаар дахин сонсгол явуулахгүй.
8.7.Хүний эрхийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах бол Хүний эрхийн Үндэсний Комиссоор дүгнэлт гаргуулж болно.
8.8.Иргэн, хуулийн этгээд ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтээ энэ хуулийн 8.1-д заасан байгууллагад хандан гаргана.