40 дугаар зүйл. Захиргааны актыг бичгээр гаргах
40.1.Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана.
40.2.Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:
40.2.1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх;
40.2.2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл;
40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;
40.2.4.захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах;
40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах.
40.3.Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.
40.4.Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.
40.5.Дараах тохиолдолд энэ хуулийн 40.4-т заасан шаардлага хамаарахгүй:
40.5.1.захиргааны байгууллагаас өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэсэн, захиргааны акт бусдын эрхийг хөндөхгүй бол;
40.5.2.хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол;
40.5.3.тус бүрд нь үндэслэл шаардлагагүй нэг ижил захиргааны актыг олон тоогоор, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол.