16 дугаар зүйл. Эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо

ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо

16.1.Эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл ахуйн асуудал хариуцсан байгууллага, эрүүл мэнд, хууль сахиулах бүх шатны байгууллага болон энэ хуулийн 13.1.9-т заасан байгууллагад ажиллаж байгаа эрүүл ахуйч, тархвар судлаачаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.2.1.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

16.2.2.эрүүл ахуй, тархвар судлалын талаар төрийн захиргааны байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах;

16.2.3.хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгах чиглэлээр үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцох;

16.2.4.эрүүл ахуйн тухай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлэх;

16.2.5.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах, үүсэж болзошгүй болон үүссэн сөрөг нөлөөг арилгах чиглэлээр төрийн болон холбогдох төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах, гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

16.2.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

16.3.Эрүүл ахуйн тандалт, үнэлгээ, хяналт хийх, дүгнэлт гаргах чадавх бүхий эрүүл ахуй, тархвар, нян, хор судлалын үндэсний лавлагаа лабораторийн сүлжээтэй байна.

16.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл ахуй, тархвар судлалын асуудлыг хэлэлцэх, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана.

16.5.Мэргэжлийн зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйч байна.

16.6.Энэ хуулийн 16.4-т заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.7.Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.7.1.хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгахтай холбогдсон мэргэжлийн дүгнэлт гаргах;

16.7.2.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоох, урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах арга замыг тодорхойлох, эерэг нөлөөллийг дэмжих ажиллагааг зохион байгуулах;

16.7.3.эрүүл ахуй, тархвар судлалын тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал, дүгнэлтээ Засгийн газар болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлнэ.

ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТ, ТАНДАЛТ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.