47 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилах
47.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.
47.2.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ.
47.3.Хяналтын шатны болон давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн бол шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн шийдвэрлэнэ.
47.4.Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
47.5.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө.
47.6.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.