84 дугаар зүйл. Татгалзан гарах үндэслэл

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

84 дугаар зүйл. Татгалзан гарах үндэслэл

84.1.Дараахь үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй:

84.1.1.урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцож байсан;

84.1.2.уг хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн гэр бүл, төрөл садан, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон;

84.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;

84.1.4.анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон;

84.1.5.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон;

84.1.6.анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон.

84.2.Энэ хуулийн 84.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно.

84.3.Энэ хуулийн 84.1.1-84.1.3, 84.1.5-д заасан заалт орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэгэн адил хамаарна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

84.4.Энэ хуулийн 84.1-д заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан эхлэхээс өмнө бичгээр, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад илэрхий болсон бол энэ тухайгаа мэдэгдэж, тэмдэглэлд тусгуулан татгалзан гарах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

84.5.Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1-д заасан тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзана. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.