85 дугаар зүйл. Татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх журам
85.1.Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох ба энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно.
85.2.Татгалзан гаргах хүсэлтийг шүүгч захирамж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гарган шийдвэрлэнэ.
85.3.Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх ба санал тэнцвэл уг шүүгчийг татгалзан гаргасанд тооцно.
85.4.Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.
85.5.Иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэргийг хэлэлцэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.
85.6.Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
85.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно.