22 дугаар зүйл. Техникийн нөхцөл олгох
22.1.Барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлтийг энэ хуулийн 22.2-т заасан инженерийн хангамжийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана:
22.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл;
22.1.2.барилга барих газрын нэгж талбарын кадастрын зураг, түүний нөхцөл, байдлыг харуулсан гэрэл зураг;
22.1.3.хүсэлт гаргасан этгээдийн иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
22.1.4.өргөдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх тохиолдолд итгэмжлэл;
22.1.5.барилга архитектурын загвар зураг;
22.1.6.техникийн нөхцөл олгоход шаардагдах барилга байгууламжийн хүчин чадал, инженерийн хангамжийн хэрэгцээг тодорхойлсон мэдээлэл.
22.2.Инженерийн хангамжийн байгууллага техникийн нөхцөл олгож, баталгаажуулах ажиллагааг ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
22.3.Инженерийн хангамжийн байгууллага техникийн нөхцөл олгохоос татгалзсан нь хүсэлт гаргасан этгээд инженерийн хангамжийн хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангахад саад болохгүй.
22.4.Хүсэлт гаргасан этгээд инженерийн хангамжийн хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах зураг төсөл боловсруулан баталгаажуулсан тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгож болно.