23 дугаар зүйл. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах
23.1.Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна.
23.3.Энэ хуулийн 23.2-т заасан иж бүрэн ажлын зураг төслийг дараахь үе шатаар боловсруулна.
23.3.1.энэ хуулийн 10.1.5-д заасан ангилалын болон цогцолбороор баригдах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг "техникийн зураг", "ажлын зураг" гэсэн хоёр үе шатаар;
23.3.2.энэ хуулийн 23.3.1-д зааснаас бусад барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг "ажлын зураг" гэсэн нэг үе шатаар.
23.4.Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах үе шатыг зураг төслийн байгууллагатай байгуулсан гэрээ болон зургийн даалгаварт тусгана.
23.5.Эрх бүхий гадаад улсын хуулийн этгээдийн боловсруулсан барилга байгууламжийн зураг төслийн баримт бичгийг Монгол Улсын эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран баталгаажуулсан байх бөгөөд зураг төслийн баримт бичиг нь англи, монгол хэлээр байна.
23.6.Эрх бүхий гадаад улсын хуулийн этгээдийн боловсруулсан барилга байгууламжийн зураг төслийг баталгаажуулахад тавих шаардлагыг энэ хуулийн 32.1.8-д заасан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэмд тусгана.
23.7.Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, баталгаажуулахад Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./