24 дугаар зүйл. Барилга байгууламжийн төсөв

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Барилга байгууламжийн төсөв

24.1.Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийх, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

24.1.1.батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх;

24.1.2.барилга байгууламжийн байршил, байгаль, цаг уурын нөхцөл, газар чөлөөлөх асуудлыг тусгасан байх;

24.1.3.барилгын үнэ бүрдэл, төсвийн норм, нормативын баримт бичиг, дүрэм, заавар, аргачлалыг удирдлага болгосон байх;

24.1.4.хараат бус байх.

24.2.Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн төсвийн тооцоог мэргэшлийн зэрэгтэй төсөвчнөөр хийлгэсэн байна.

24.3.Энэ хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй төсөвчид төсөвчний мэргэжлийн байгууллагаар ажлын тайлангаа жил бүр дүгнүүлнэ. Төсөвчний ёс зүйн дүрмийг энэ хуулийн 33.1-д заасан байгууллага баталж, мөрдүүлнэ.

24.4.Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

24.5.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн, зохих журмын дагуу баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно.

24.6.Барилгын үнэ бүрдлийн дүрэм, төсөв зохиох аргачлалыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.