25 дугаар зүйл. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх

25.1.Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ.

25.2.Магадлалыг дараахь зураг төсөлд хийнэ:

25.2.1.газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт;

25.2.2.газар хөдлөлтийн долоогоос доош баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт;

25.2.3.барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд;

25.2.4.инженер-геологийн дүгнэлт, геодезийн зураглалд;

25.2.5.энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан ангилалд хамаарах улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барих барилга, байгууламжийн төсөв, нэгдсэн төсөв.

25.3.Энэ хуулийн 25.2 дахь хэсэгт гадаад улсын хуулийн этгээдийн боловсруулсан барилга байгууламжийн зураг төсөлд нэгэн адил хамаарна.

25.4.Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно.

25.5.Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ.

25.6.Магадлалын дүгнэлт татгалзсан, зөвшөөрсөн гэсэн хоёр хэлбэртэй байна. Магадлалын татгалзсан дүгнэлт барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно.

25.7.Энэ хуулийн 25.6-д заасан магадлалын дүгнэлттэй холбоотой маргаантай асуудлыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлж болно.

25.8.Энэ хуулийн 10.1.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөлд захиалагчийн хүсэлтээр магадлал хийж болно.

25.9.Энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг зөрчсөн нь магадлалын татгалзсан дүгнэлт гаргах үндэслэл болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.