37 дугаар зүйл. Захиалагчийн чиг үүрэг

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Захиалагчийн чиг үүрэг

37.1.Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

37.1.1.барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх;

37.1.2.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.6.10, 8.6.11-д заасны дагуу барилга байгууламж болон үйл ажиллагааныхаа талаархи иж бүрэн мэдээллийг тухайн нутаг дэвсгэрт нийтэд ил тод байрлуулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.1.3.барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;

37.1.4.барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах;

37.1.5.барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах;

37.1.6.энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах;

37.1.7.энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу барилгын ажлыг түр зогсоосон бол тогтоосон хугацаанд хамгаалалтын горимыг хангаж ажиллах;

37.1.8.барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх;

37.1.9.барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах;

37.1.10.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах;

37.1.11.түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэх, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах;

37.1.12.барилгын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх;

37.1.13.барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах;

37.1.14.барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах;

37.1.15.барилга байгууламжийн баримт бичгийг ашиглалтын хугацаанд хадгалж, баяжуулалт хийх;

37.1.16.барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах;

37.1.17.барилгын үйл ажиллагааны явцад орчны тохижилт, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн талаархи зурагт болон бусад сурталчилгаа бодит байдалд нийцсэн байх ба хэрэглэгчийн өмнө тэдгээр мэдээллийн үнэн зөв байдлын хариуцлагыг хүлээх;

37.1.18.энэ хуулийн 37.1.17-д заасан зурагт сурталчилгаа болон холбогдох материалыг хэрэглэгчтэй байгуулах гэрээнд хавсаргах;

37.1.19.барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах;

37.1.20.барилга байгууламж барих талбайг чөлөөлөх, ашиглалтад оруулах болон ашиглалтад оруулах комиссын ажиллах зардлыг хариуцах. /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.2.Захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно.

37.3.Барилгын үйл ажиллагаанд захиалагч тодорхой байна. Захиалагч тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно. Барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно.

37.4.Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно.

37.5.Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно.

37.6.Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.

37.7.Барилга байгууламж барих, шинэчлэх, засварлахдаа гудамж, зам, талбай сэтлэх, эвдэж сүйтгэх, шугам сүлжээ шилжүүлэх, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулбал тэдгээрийг нөхөн сэргээж, зардлыг хариуцна.

37.8.Энэ хуулийн 16.3-т заасан зураг төслийг үндэслэн барилга байгууламжийн буулгалтын ажлыг гүйцэтгэнэ.

37.9.Доорхи барилга байгууламжийн зураг төслийн даалгавар, норм, нормативын баримт бичгийн техникийн даалгаврыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хянуулсан байна:

37.9.1.энэ хуулийн 5.1-д заасан заавал мөрдөх норм, нормативын баримт бичиг;

37.9.2.энэ хуулийн 4.1.18-д заасан цомог;

37.9.3.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан барилга байгууламжийн нэг маягийн зураг;

37.9.4.энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан барилга байгууламжийн зураг төсөл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.