40 дугаар зүйл. Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг

40.1.Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй:

40.1.1.барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих;

40.1.2.барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

40.1.3.барилга байгууламжийг давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;

40.1.4.барилгын ажлын талбайд гал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, байгаль орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах;

40.1.5.барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах;

40.1.6.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн амьдрах, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг зөрчихгүй, саад учруулахгүй байх;

40.1.7.барилга байгууламжийн үйл ажиллагаанд оролцогчдын төлөөллийг барилгын талбайд чөлөөтэй нэвтрүүлэх, барилгын ажил, барилга байгууламжийн баримт бичигтэй танилцуулах;

40.1.8.барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах;

40.1.9.барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх;

40.1.10.барилга байгууламж барих, шинэчлэх, засварлахдаа гудамж, зам, талбай сэтлэх, эвдэж сүйтгэх, шугам сүлжээ шилжүүлэх, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулбал тэдгээрийг нөхөн сэргээх;

40.1.11.барилга байгууламжид хэрэглэгдсэн материал, тоног төхөөрөмж, зураг төсөлд заасан техникийн үзүүлэлтийг хангаж байгааг нотлох, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулах;

40.1.12.барилга байгууламжийн хийц, бүтээцийн даацын бат бэхийг барилгын ажлын үе шат бүрд лабораторийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулан баталгаажуулах;

40.1.13.барилгын ажил гүйцэтгэх технологи, үйлдвэрлэл, техникийн ослоос сэргийлсэн хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээний зохион байгуулалтын зургийг боловсруулж, түүний дагуу гүйцэтгэх;

40.1.14.Хог хаягдлын тухай хуулийн 9.2-т заасныг хэрэгжүүлэх;

40.1.15.энэ хуулийн 5.8-д заасан зардлыг барилгын төсөвт өртөгт тусган, энэ хуулийн 5.7-д заасан санд төвлөрүүлэх;

40.1.16.барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх;

40.1.17.барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах;

40.1.18.барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах;

40.1.19.энэ хуулийн 16.3-т заасан зураг төслийг үндэслэн барилга байгууламжийн буулгалтын ажлыг гүйцэтгэх;

40.1.20.гарал үүсэл, тохирлын гэрчилгээтэй барилгын материал хэрэглэх;

40.1.21.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу даатгалд хамрагдсан байх;

40.1.22.захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулах;

40.1.23.гүйцэтгэгч барилгын ажлын захиалагчийн үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх;

40.1.24.энэ хуулийн 10.1.1-д заасан ангилалд хамаарах барилгын ажлыг холбогдох зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээд гүйцэтгэж болно. Энэ тохиолдолд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг дагаж мөрдөх.

40.2.Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.

40.3.Барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангаагүй, гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй материал, бүтээгдэхүүн, эдлэхүүн болон барилгын хэв хашмалын тулаасанд мод хэрэглэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.