41 дугаар зүйл. Барилга байгууламжийн хамгаалалтын горим

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Барилга байгууламжийн хамгаалалтын горим

41.1.Барилгын ажлыг долоон сараас дээш хугацаагаар түр зогсоосон бол захиалагч барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулж, энэ талаар барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох шийдвэрийг гаргуулна. Барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулах шийдвэрт хамгаалалтын горимын хугацаа, нөхцөлийг тусгана.

41.2.Барилга байгууламжийн хамгаалалтын горимыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

41.2.1.барилга байгууламжийн технологийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөлд заасныг харгалзан барилгын ажлыг түр зогсоох;

41.2.2.барилга байгууламжийн хамгаалалтын горимд шилжих нөхцөлийг хангаж, шаардлагатай арга хэмжээг авах;

41.2.3.барилгын ажлын талбайд аюулгүй байдлыг хангах зорилгоор захиалагч байнгын хяналт тавьж, шалгалт хийх.

41.3.Барилга байгууламжийн хамгаалалтын горимыг техникийн норм, нормативын баримт бичигт заасны дагуу гүйцэтгэнэ.

41.4.Барилга байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлэхэд тэмдэглэл хөтөлж, захиалагч болон барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын байцаагч гарын үсэг зурж баталгаажуулна.

41.5.Энэ хуулийн 41.4-т заасан тэмдэглэлийг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлсэн өдрөөс эхлэн барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг түр түдгэлзүүлж, барилгын ажлыг зогсооно.

41.6.Барилга байгууламжийн хамгаалалтын горимын хугацаа хоёр жил байна. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах хүсэлтийг захиалагч гаргаж болно.

41.7.Энэ хуулийн 41.6-д заасан хугацаа дуусгавар болмогц захиалагч тухайн барилга байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэх, эсхүл чанар аюулгүйн шаардлага хангахгүй нь тогтоогдсон барилга байгууламжийг буулгах арга хэмжээг авна.

41.8.Барилга байгууламжийг хамгаалалтын горимоос гаргасан тохиолдолд захиалагч барилгын ажлыг үргэлжлүүлэхдээ барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

41.9.Энэ хуулийн 41.1, 41.6-д заасан хугацаа барилга байгууламжийг буулгах тухай барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэрт хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.