44 дугаар зүйл. Барилгын салбарын ажилтан
44.1.Барилгын салбарын ажилтан энэ хуульд заасны дагуу бүртгэлд хамрагдана.
44.2.Барилгын салбарын ажилтны тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах, хүчингүй болгох асуудлыг төрийн захиргааны байгууллагын дэргэдэх мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл хариуцна. Зөвлөлийн дүрмийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
44.3.Барилгын салбарын мэргэжилтэн дараахь мэргэшлийн зэрэгтэй байна:
44.3.1.инженер, архитектор;
44.3.2.мэргэшсэн инженер, мэргэшсэн архитектор, мэргэшсэн төсөвчин;
44.3.3.зөвлөх инженер, зөвлөх архитектор, тэргүүлэх төсөвчин.
44.4.Мэргэжилтэй ажилчны мэргэжлийн түвшинг нэгээс зургаан зэргээр стандартын дагуу тодорхойлно.
44.5.Мэргэжилтний үйл ажиллагааны хүрээ, түүнд тавих шаардлага, мэргэшлийн зэрэг, гэрчилгээ олгох хугацааг энэ хуулийн 33.1.9-т заасан дүрмээр нарийвчлан тогтооно.
44.6.Энэ хуулийн 44.3.3-т заасан зураг төсөл боловсруулах зөвлөх мэргэжилтэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийн сонгон шалгаруулалтад орох эрхтэй.
44.7.Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох асуудлыг гэрээний үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.