46 дугаар зүйл. Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүрэг
46.1.Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч дараахь үүргийг хүлээнэ:
46.1.1.хууль тогтоомж, норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг дагаж мөрдөх;
46.1.2.энэ хуулийн 33.1.18-д заасан журмын дагуу барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх;
46.1.3.барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх;
46.1.4.барилга байгууламжийн инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах;
46.1.5.барилга байгууламжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн болон экологийн шаардлагыг хангуулах;
46.1.6.байгаль орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах;
46.1.7.барилга байгууламжийн орчны тохижилтын засвар арчлалтыг тогтмол хийж, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахгүй байх;
46.1.8.барилгын дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр бороо, цас, мөс, хог, шороо, тоосонцор болон бусад эд зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас урьдчилан сэргийлэх;
46.1.9.барилгын даацын хийц, бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих;
46.1.10.барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх;
46.1.11.барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулан, холбогдох арга хэмжээг авах;
46.1.12.барилгын ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийг баяжуулж, хадгалах;
46.1.13.барилгын нүүр талыг өөрчлөх тохиолдолд аймаг, нийслэлийн ерөнхий архитектортой зөвшилцөх;
46.1.14.барилга байгууламжийн ашиглалтын хугацааны 15 жил тутамд барилга байгууламжийн төлөв байдалд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагаар дүгнэлт гаргуулж, холбогдох арга хэмжээг авах.
46.1.15.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдах байршлаас бусад нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс нийтийн эзэмшлийн гудамж, талбай бүхий барилга байгууламжийн орчинд дүрс бичлэгийн техникийг байршуулах, ашиглалт, хамгаалалтад байнгын хяналт тавих. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
46.2.Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас барилга байгууламжид учирсан хохирлыг үнэлэхдээ барилга байгууламжийн ашиглалтын нөхцөлийг хангах эсэхийг харгалзан үзнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
46.3.Хөрөнгө оруулагч, захиалагч ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын явцад захиалагч, зохиогч, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чанар, аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлт, ашиглалтад оруулсан баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 30 өдөрт багтаан холбогдох төрийн архивт шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
46.4.Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
46.5.Ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээнэ.
46.6.Барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
ТЕХНИКИЙН УЛСЫН ХЯНАЛТ