10 дугаар зүйл. Мандат
10.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг мандатад заасны дагуу хэрэгжүүлнэ.
10.2.Мандатад дараахь зүйлийг тусгана:
10.2.1.өгөөжийн зорилтот түвшин;
10.2.2.хөрөнгө оруулалтын хугацааны далайц;
10.2.3.урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилтод нийцүүлэн хүлээх эрсдэл;
10.2.4.энэ хуулийн 10.2.2-т заасан хугацаанд хамаарах хөрөнгө оруулах хэрэгслийн төрөл;
10.2.5.энэ хуулийн 10.2.4-т заасан хөрөнгө оруулах хэрэгслийн төрөл тус бүрд байршуулах хөрөнгийн хувь хэмжээний дээд хязгаар;
10.2.6.хөрөнгө оруулах орчин, валютын төрөл;
10.2.7.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд удирдлага болгох жишиг багцад тавих шаардлага;
10.2.8.олон улсын жишигт нийцсэн бусад зүйл.
10.3.Мандатаар нэгж хөрөнгө оруулах хэрэгсэл, хуулийн этгээд, эдийн засгийн үйл ажиллагааг нэр зааж хөрөнгө оруулалт хийхэд шууд болон шууд бусаар зааварчилгаа өгөхийг хориглоно.
10.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мандатын төслийг боловсруулж, түүнийг Ерөнхий сайд батлахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Корпорацийн удирдах зөвлөлөөс санал авна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.5.Мандатыг Ерөнхий сайд баталж, хяналтын зөвлөлөөр дамжуулан хэрэгжилтэд хяналт тавина. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.6.Сангийн бодит үнэ цэнэ, Сангийн хөрөнгийн удирдлагын үр дүнд бий болох орлогыг тооцох аргачлалыг Ерөнхий сайд батална. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.7.Энэ хуулийн 10.6-д заасан аргачлалыг Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүнг тооцох, үнэлэх, мандатын хэрэгжилтэд хяналт тавихад ашиглана.
10.8.Удирдах зөвлөл мандатыг хэрэгжүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг авч Ерөнхий сайдад тайлагнана. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.9.Мандат зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай бүр удирдах зөвлөл нь түүний тайлбар, авах арга хэмжээний саналыг тусган Ерөнхий сайдад нэн даруй бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.10.Ерөнхий сайд мэдэгдлийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор удирдах зөвлөлд мандат зөрчигдсөн нөхцөл, байдлыг шийдвэрлэх арга хэмжээний чиглэл өгч, биелэлтийг хангуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./