9 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын зардлыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын цэвэр орлогоос улсын төсөвт хуваарилах
9.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой Корпорацийн зардал, энэ хуульд заасан хөндлөнгийн аудитын зардлыг Сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
9.2.Нэр дэвшүүлэх хороо, хяналтын зөвлөл, зөвлөх багийн үйл ажиллагаа, гишүүний сонгон шалгаруулалт, тэдгээрийн цалин, хөлс, урамшууллын зардлыг Ерөнхий сайдын төсвийн багцад тусган улсын төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.Энэ хуулийн 9.1-д заасан зардлын тухайн жилд зарцуулах дээд хэмжээг Корпорацийн удирдаж байгаа Сангийн хөрөнгийн хэмжээ, олон улсын жишигт нийцүүлэн өмнөх жилүүдийн дундажийг үндэслэн Корпорацийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр удирдах зөвлөлтэй тохиролцсоны үндсэн дээр Ерөнхий сайд батална. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.4.Энэ хуулийн 9.3-т заасан дээд хэмжээг Корпорацийн урсгал зардлын хувьд өмнөх жилийн гүйцэтгэлээс бууруулахгүй байна.
9.5.Сангийн эх үүсвэр, хөрөнгөөс 2030 он хүртэл энэ хуулийн 9.1, 91 дүгээр зүйлд зааснаас бусад хэлбэрээр зарцуулахыг хориглоно. /Энэ хэсэгт “энэ хуулийн 9.1-д” гэснийг “энэ хуулийн 9.1, 91 дүгээр зүйлд” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./
9.6. 2030 оноос эхлэн Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлнэ.