12 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд тавих шаардлага

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд тавих шаардлага

12.1.Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд дараахь шаардлага тавигдана:

12.1.1.энэ хуулийн 12.3-т зааснаас бусад тохиолдолд зээл авахгүй байх;

12.1.2.энэ хуулийн 12.3-т зааснаас бусад тохиолдолд Сангийн хөрөнгийг барьцаалах, зээл олгох, зээлийн баталгаа, батлан даалт гаргах болон бусад аливаа хэлбэрээр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ, хэлцэл байгуулахгүй байх;

12.1.3.санхүүгийн хөшүүрэг оролцсон аливаа төрлийн гэрээ, хэлцэл хийхгүй байх;

12.1.4.санхүүгийн үүсмэл хэрэгслийг зөвхөн хөрөнгө оруулалтын эрсдэлийг хаах, бууруулах зорилгоор ашиглах;

12.1.5.Сангийн хөрөнгийг зөвхөн олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан гадаад улсын нутаг дэвсгэрт арилжаалагдаж байгаа хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулах;

12.1.6.нэгж санхүүгийн хэрэгсэлд байршуулсан хөрөнгийн хувь, хэмжээг хөрөнгө оруулж байгаа этгээдийн хяналтын багцын хувь, хэмжээнд хүргэхгүй байх;

12.1.7.татан төвлөрүүлсэн хөрөнгө нь Монгол Улсад шууд орох, Монгол Улсын төлбөрийн тэнцэлийн орох урсгалд бүртгэгдэх хөрөнгө оруулах хэрэгсэл болон бусад Монгол Улсад бүртгэлтэй хөрөнгө оруулах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байх.

12.2.Сангийн хөрөнгөөс дараахь хэлбэрээр хөрөнгө оруулахыг хориглоно:

12.2.1.цэрэг, зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, тэдгээрийн худалдаа, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаанд;

12.2.2.эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй үнэт цаасанд;

12.2.3.авто зам, төмөр зам, нисэх буудал болон Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.10-т заасан инженерийн дэд бүтцэд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөд.

12.3.Хөрөнгө оруулах шийдвэрийг гаргах үед зээл авах нөхцөл, шаардлага үүсээгүй, зөвхөн Сангаас хөрөнгө оруулахаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, тухайн хэрэгсэлд хөрөнгө оруулах төлбөр тооцоог гүйцэтгэхэд дутагдаж байгаа богино хугацааны эх үүсвэрийн дутагдлыг бүрдүүлэх зорилгоор зээл авч болно.

12.4.Энэ хуулийн 12.3-т заасны дагуу зээл авахад дараахь нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байна:

12.4.1.зээлийн хугацаа долоо хоног хүртэл байх;

12.4.2.зээлийн хэмжээ нь Сангийн мөнгөн хөрөнгө, зээл төлөгдөх хугацааны дотор орохоор хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын мөнгөн орлогоор баталгаажсан, түүнээс хэтрээгүй байх;

12.4.3.Сангийн зээлийн нийт үлдэгдэл нь Сангийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээний таван хувиас хэтрэхгүй байх.

12.5.Энэ хуулийн 12.3-т заасан зээл авах шийдвэрийг хөрөнгө оруулалтын хороо, эсхүл түүний эрх олгосон хэмжээнд гүйцэтгэх удирдлага гаргана.

САНГИЙН ЗАСАГЛАЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.