15 дугаар зүйл. Хяналтын зөвлөл

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хяналтын зөвлөл

15.1.Ерөнхий сайд удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий хяналтын зөвлөлийг ажиллуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Хяналтын зөвлөл орон тооны бус таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

15.3.Хяналтын зөвлөлийн гишүүн дараахь шаардлагыг хангасан байна:

15.3.1.эдийн засаг, санхүү, үнэт цаасны аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;

15.3.2.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх;

15.3.3.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Сангийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;

15.3.4.сүүлийн хоёр жилийн хугацаанд Корпорацийн ажилтнаар ажиллаагүй, Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцоогүй байх;

15.3.5.Монгол Улсын иргэн байх;

15.3.6.ял шийтгэлгүй байх.

15.4.Хяналтын зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

15.4.1.улс төрийн албан тушаалтан;

15.4.2.намын гишүүн;

15.4.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдэд сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа этгээд;

15.4.4.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдийн хувьцааны хяналтын багц эзэмшигч.

15.5.Хяналтын зөвлөлийн гишүүнд дараахь журмаар сонгогдсон байгууллага тус бүрээс нийт гишүүн, эсхүл нийт ажилтны олонхийн санал авсан гурав хүртэлх хүний нэрийг дэвшүүлнэ:

15.5.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгосон санхүү, эдийн засгийн чиглэлийн, эсхүл санхүү, эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний гурав хүртэлх байгууллагаас их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, багш 10-аас дээш жилийн ажлын туршлагатай хүнийг;

15.5.2.Монгол Улсын Их Хурлын даргын сонгосон санхүү, эдийн засгийн судалгаа, шинжилгээний туршлагатай, нийгэмд үйлчлэх гурав хүртэлх төрийн бус байгууллагаас;

15.5.3.Ерөнхий сайдын сонгосон дараахь мэргэжлийн тав хүртэлх байгууллагаас: /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.5.3.а.банкны болон банкны мэргэжилтнүүдийн холбоо;

15.5.3.б.үнэт цаасны зах зээлд оролцогч зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд болон мэргэжлийн холбоо; /Энэ дэд заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.5.3.в.санхүү, нягтлан бодох, аудит, хөрөнгийн үнэлгээ, даатгалын мэргэжлийн байгууллагын болон мэргэжилтнүүдийн холбоо, хуульчдын холбоо.

15.6.Энэ хуулийн 15.5-д заасан журмаар нэр дэвшүүлсэн этгээдээс Ерөнхий сайд таван хүнийг хяналтын зөвлөлийн гишүүнээр шууд сонгоно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.7.Энэ хуулийн 15.6-д заасны дагуу хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын сонгосон аль нэг байгууллагаас нэг төлөөллийг заавал хамруулах бөгөөд нэг байгууллагаас давхардуулан сонгохгүй. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.8.Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан нэр дэвшүүлэх хороогоор дамжуулан хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож болно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.9.Ерөнхий сайд хяналтын зөвлөлийн гишүүдтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллана. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.10.Хяналтын зөвлөлийн гишүүнтэй байгуулсан гэрээг дараахь үндэслэлээр дуусгавар болгоно:

15.10.1.энэ хуулийн 15.3-т заасан шаардлагыг хангахгүй болсон, энэ хуулийн 15.4-т заасан үндэслэл бий болсон;

15.10.2.эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг дуусгавар болгох хүсэлтийг өөрөө гаргасан;

15.10.3.гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон;

15.10.4.гэрээний хугацаа дуусгавар болсон;

15.10.5.Сангийн эрх ашигт харш үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон;

15.10.6.ашиг сонирхлын зөрчил үүссэн;

15.10.7.хуульд заасан бусад үндэслэл.

15.11.Хяналтын зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.11.1.мандат болон хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, дүгнэлт, зөвлөмж гаргах;

15.11.2.хөрөнгө оруулалтын стратеги болон бусад баримт бичиг мандатад нийцэж байгаа эсэхэд зөвлөх багийн санал, зөвлөмж авч, дүгнэлт гаргах;

15.11.3.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хөрөнгийн удирдлагын зарчмын хэрэгжилт, энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан хөрөнгийн удирдлагад тавих шаардлагын биелэлтэд хяналт тавих;

15.11.4.энэ хуулийн 12.1, 12.2 дахь заалтыг зөрчсөн, зөрчих нөхцөл бий болсон тохиолдолд Ерөнхий сайд болон удирдах зөвлөлд нэн даруй мэдэгдэж холбогдох арга хэмжээг авахуулах; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.11.5.удирдах зөвлөлийн дотоод хяналтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилт болон Корпораци тайлангаа Ерөнхий сайд, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдалд хяналт тавих; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.11.6.Сангийн хөрөнгө оруулах шалгуурт үл нийцэх, хөрөнгө оруулалт хийж болохгүй хуулийн этгээдийн талаарх санал, зөвлөмж гаргаж Ерөнхий сайдад танилцуулж, шийдвэрлүүлэх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.11.7.Корпорацийн дотоод хяналтын газар, аудитын хороо, Аудитор болон Корпорацийн санхүүгийн тайланд аудит хийсэн байгууллагын аудитортой харилцах, санал солилцох;

15.11.8.шаардлагатай тохиолдолд удирдах зөвлөл, Корпорацийн үйл ажиллагаанд аудит хийлгэх саналыг Ерөнхий сайдад гаргах. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.12.Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах, хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Ерөнхий сайд батална. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.