29 дугаар зүйл. Сангийн ил тод байдал
29.1.Сангийн удирдлагатай холбоотой дараахь мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон нийтэд мэдээлнэ:
29.1.1.Сангийн асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлснээс хойш 10 хоногийн дотор;
29.1.2.мандатыг Ерөнхий сайд баталснаас хойш 10 хоногийн дотор; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.1.3.зөвлөх багийн зөвлөмжийг уг зөвлөмжийг гаргаснаас хойш тав хоногийн дотор;
29.1.4.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг уг дүгнэлтийг гаргаснаас хойш 10 хоногийн дотор;
29.1.5.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг уг тайланг гаргаснаас хойш 10 хоногийн дотор;
29.2.Корпораци Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаатай холбоотой дараахь мэдээллийг сар бүр шинэчлэн олон нийтэд мэдээлнэ:
29.2.1.Сангийн хөрөнгө оруулсан санхүүгийн хэрэгслийн ангилал, харгалзах өгөөжийн түвшинг жиших үзүүлэлтүүдтэй харьцуулснаар;
29.2.2.удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт;
29.2.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох Хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы байгууллага болон бусад оролцогчийн нэр;
29.2.4.хуульд заасан бусад.
29.3.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн хэлбэр, тайланд тавих тусгай шаардлагыг Ерөнхий сайд батална. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./