18 дугаар зүйл. Барьцаалбараар баталгаажсан эрхийг хэрэгжүүлэх, барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх
18.1.Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч нь түүгээр гэрчлэгдсэн эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн барьцаалбараар үүрэг хүлээсэн этгээдийн шаардсанаар барьцаалбарыг түүнд танилцуулж эзэмших эрхээ нотолно.
18.2.Үүрэг гүйцэтгэгч нь барьцаагаар хангагдах үүргийг бүрэн биелүүлсний дараа барьцаалагч нь барьцаалбарыг түүнд шилжүүлэн өгөх үүрэгтэй.
18.3.Барьцаалуулагч нь үүргийг хэсэгчлэн гүйцэтгэсэн тухай тэмдэглэлийг барьцаалбарт тусгах буюу санхүүгийн зохих баримт бичгээр нотолно.
18.4.Энэ хуулийн 18.3-т заасан шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 38.6-д зааснаас бусад тохиолдолд уг үүргийг гүйцэтгээгүйд тооцно.
18.5.Үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийг зохих хуваарийн дагуу хэсэгчлэн хийхээр гэрээнд заасан бол уг үүргээ зохих ёсоор гүйцэтгэнэ.
18.6.Үүрэг гүйцэтгэгч нь дараахь тохиолдолд барьцаалбараар гэрчлэгдсэн үүрэг гүйцэтгэхийг шаардаж байгаа этгээдийн өмнө уг үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй:
18.6.1.барьцаалбарыг шилжүүлсэн тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, эсхүл уг үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүссэн үр дагаврыг арилгах тухай нэхэмжлэлээр шүүх хэрэг үүсгэн хянаж байгаа;
18.6.2. барьцаалбарыг шинээр олгох журмыг зөрчсөний улмаас түүнийг хүчингүйд тооцож, барьцаалбар дээр нэр заагдсан үүрэг гүйцэтгэгч нь түүгээр хүлээсэн үүргийг хариуцахгүй болсон.
18.7.Энэ хуулийн дагуу хүчингүй болсон барьцаалбарыг хүлээн авмагц улсын бүртгэлийн байгууллага барьцаалбарын нүүрэн талд нь "хүчингүй болсон" гэсэн тэмдэг дарж, холбогдох хувийн хэрэгт хавсаргаж архивлан хадгална.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
18.8.Үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 18.6 дахь хэсэг болон барьцаалбарт зааснаас бусад үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй.
18.9.Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу барьцаалбарыг шинээр эзэмшсэн этгээд нь энэ тухай уг барьцаалбараар эрх эдэлж, үүрэг хүлээх этгээдэд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
18.10.Үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч энэ тухай баримтыг хавсаргаж барьцаалбарыг улсын бүртгэлийн байгууллагад хүлээлгэж өгсөн бөгөөд хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл түүний хууль ёсны эзэмшигч өөрөөр нотлоогүй бол барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ.