16 дугаар зүйл. Монополын эсрэг газрын хуралдаан /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.1.Монополын эсрэг газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
16.3.Монополын эсрэг газрын шийдвэрт тус газрын дарга гарын үсэг зурна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.4.Хуралдаан сард нэгээс доошгүй удаа болох бөгөөд хуралдааны дэгийг тогтооно.
16.5.Монополын эсрэг газрын дарга, гишүүн хуралдаанаар асуудлыг нь хэлэлцэж байгаа этгээдтэй гэр бүл, төрөл садангийн холбоотой бол хуралдаан эхлэхээс өмнө энэ тухай мэдэгдэж, уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх, шийдвэр гаргахад оролцохгүй. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.6.Хуралдааныг нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.
16.7.Хуралдааныг гурваас доошгүй гишүүний бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлт болон Монополын эсрэг газрын даргын шийдвэрээр энэ хуулийн 16.4-т зааснаас бусад үед зарлан хуралдуулж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.8.Хуралдаанаас гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна.