20 дугаар зүйл. Улсын байцаагчийн эрх, үүрэг
20.1.Энэ хуулийн 14.4-т заасан улсын байцаагч Монополын эсрэг газраас баталсан албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.2.Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана.
20.3.Улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
20.3.1.өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах;
20.3.2.судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах;
20.3.3.хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах;
20.3.4.хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаархи ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, үйлдвэрийн газар, агуулах болон бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хураан авах;
20.3.5.захиргааны шийтгэл ногдуулах тухай өөрийн болон Монополын эсрэг газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах; /Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.3.6.өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд нь шууд тулгарсан гэнэтийн халдлагын аюулаас хамгаалахын тулд бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх;
20.3.7.хяналт шалгалтын явцад холбогдох этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх;
20.3.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.