14 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
14.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.1.1.батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;
14.1.2.батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх саналыг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах;
14.1.3.батлан хамгаалах асуудлаар бусад улстай хамтран ажиллах талаар Засгийн газраас олгосон эрхийн хүрээнд хэлэлцээр байгуулах;
14.1.4.батлан хамгаалах болон зэвсэгт хүчний хангалт, үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах;
14.1.5.улсын эдийн засаг, нийгэм, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг батлан хамгаалах эрх ашигт нийцүүлэх тухай саналыг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх;
14.1.6.улсын хэмжээнд цэргийн спортын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавих;
14.1.7.батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх, зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
14.1.8.аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага төрийн цэргийн байгууллагад үүрэг, чиглэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
14.1.9.аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах талаар баримтлах бодлогын үндсийг тодорхойлох, үйл ажиллагааг нь улсын хэмжээнд удирдан чиглүүлэх;
14.1.10.батлан хамгаалах салбарын материал техникийн, санхүүгийн болон бусад нөөцийг хуулийн дагуу бүрдүүлэх, зарцуулалтад хяналт тавих;
14.1.11.зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх;
14.1.12.батлан хамгаалах үйл ажиллагааны төсвийн төслийг Засгийн газарт оруулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах;
14.1.13.батлан хамгаалахын төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах, устгах, шилжүүлэх, шинээр авах асуудлыг шийдвэрлэх, захиалгыг хянаж батлах;
14.1.14.батлан хамгаалах үйл ажиллагааны нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээг тогтоох;
14.1.15.батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх.