7 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн давуу эрх
7.1.Цэргийн алба хаагч дараахь давуу эрхийг эдэлнэ:
7.1.1.офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч жил бүр ажлын 15 өдөр, цэргийн сургуулийн сонсогч ажлын 25 өдрийн амралтыг биеэр эдлэх бөгөөд амрах газарт очих, буцахад зайлшгүй шаардагдах өдрийг амралтын хугацаанд тооцохгүй байх;
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.2.офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид цэргийн жинхэнэ алба хаасан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгох;
7.1.3.тайван цагт энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагч, нисэх цагийн нормоо биелүүлсэн байлдааны сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний нисэх бүрэлдэхүүн, алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбар, хилийн отряд, застав болон тэдгээртэй адил нөхцөлд байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, салбарын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийн алба хаасан зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцох; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.1.4.офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нь анги, байгууллагынхаа захирагч, даргын зөвшөөрснөөр уран бүтээл туурвих болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх;
7.1.5.цэргийн алба хаасан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцох;
7.1.6.алслагдсан болон хөдөө орон нутагт алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг цэргийн анги, байгууллага нь орон сууцаар хангах бөгөөд цэргийн анги, байгууллагын мэдлийн орон сууцанд амьдарч байгаа офицер, ахлагчийн орон сууцны хөлсийг 30 хүртэл хувиар хөнгөлөх;
7.1.7.цэргийн анги, байгууллага офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууц, гэр, байшин хөлслөх тухайн орон нутгийн түрээсийн төлбөрийг 12 хавтгай дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллага олгох;
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.8.офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч байнга оршин суух газартаа амины орон сууцтай болоход нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөлт үзүүлэх;
7.1.9.офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нь ажлын нөхцөл, албан тушаал, мэргэжил, мэргэжлийн зэрэг, цэргийн цол, алба хаасан хугацаа зэргийг үндэслэж тогтоосон дүрэмт хувцасны болон мөнгөн хангамжтай байхаас гадна байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх, харуул, манаанд гарах, хээрийн сургууль, дадлага хийх үедээ хүнсний болон эдийн хангамж, түүнчлэн нийслэлээс бусад сум, суурин газарт байрлаж байгаа цэргийн анги, салбарын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг үл харгалзан хүнсээр хангагдах;
7.1.10.гадаадын цэргийн сургуульд суралцагч офицер, ахлагчийн суралцах хугацааны цалин хөлс, ирэх, буцах тээврийн зардлыг төр хариуцах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.11.офицер, ахлагч нь цэргийн алба хаах хугацаанд болон тэтгэвэрт гарсан үедээ хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах;
7.1.12.хугацаат албаны байлдагч, түрүүч, цэргийн сургуулийн сонсогч, сурагчийн эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг төр хариуцах;
7.1.13.цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүн цэргийн эмнэлгээр үйлчлүүлэх;
7.1.14.офицер, ахлагч шилжин томилогдох, цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдах үед түүнийг гэр бүлийн гишүүд, ачаа тээшний хамт оршин суух газарт нь хүргэх тээврийн хэрэгслийг анги, байгууллагаас гаргах буюу зардлыг автомашин, төмөр замын үнэлгээт хөлсөөр тооцож олгох;
7.1.15.офицер, ахлагч өөр анги, байгууллагад шилжин алба хаах болсонтой холбогдож эхнэр /нөхөр/ нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрсэн бол тэдэнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан байгууллага олгох;
7.1.16.алслагдсан цэргийн анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагчийн сургуулийн насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор түүний гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн тусламжийг улиралд нэг удаа олгох;
7.1.17.улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгох;
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.1.18.цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтсэн, эрүүл мэнд нь хохирсон бол эмчилгээний зардал, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг төр хариуцах;
7.1.19.цэргийн алба хаагч ээлжийн амралтаар өөрийн төрсөн нутагтаа очих, буцаж ирэх замын зардлыг хоёр жилд нэг удаа цэргийн анги, байгууллага олгох;
7.1.20.хугацаат цэргийн алба хаагчийн шуудангийн үйлчилгээний зардлыг цэргийн анги, байгууллага хариуцах;
7.1.21.цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох.
7.1.22.алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.2.Цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээний төрөл, тэдгээрийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
7.3.Офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын хуулиар зохицуулна.
7.4.Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтыг Засгийн газар тогтоох бөгөөд мөнгөн тусламж, урамшуулалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгана. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.5.Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй цэргийн алба хаагчид албан тушаалын 1,5 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.
7.6.Офицер, ахлагчийн гэр бүлийн гишүүд анги, байгууллагад түүнтэй хамт ажиллаж болно.
7.7.Цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд офицер, офицер, ахлагчийг эзэмшсэн мэргэжлийнх нь чиглэлээр төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэйд тооцож, төрийн байгууллагад энгийн албан тушаалд томилон ажиллуулж болно.