8 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрхийн хязгаарлалт
8.1.Цэргийн алба хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
8.1.1.улс төрийн нам, эвсэл, холбооны гишүүн байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох;
8.1.2.цэргийн нэгтгэл, анги, байгууллагад улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулах;
8.1.3.төрийн бодлого, хууль тогтоомж, захирагч, даргын тушаалыг эсэргүүцэх, биелүүлэхээс татгалзах;
8.1.4.захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцох;
8.1.5.хугацаат цэргийн алба хаагч цэргийн анги, байгууллагын зохион байгуулснаас бусад сургууль, дамжаанд суралцах;
8.1.6.захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр гадаад улсад зорчих;
8.1.7.хуулийн дагуу нууцын зэрэгт хамаарах баримт бичиг, зэвсэг, техник хэрэгсэлтэй ажиллаж байсан цэргийн алба хаагч цэргийн албанаас бэлтгэлээр халагдсаны дараа гурван жилийн дотор гадаад улсад байнга оршин суухаар явах;
8.1.8.цэргийн анги, байгууллагад шашин сурталчлах;
8.1.9.албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх;
8.1.10.мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэх.
8.1.11.хууль тогтоомжид заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.2.Цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавигдах шаардлагыг үндэслэн цэргийн алба хаагчийн эрхийг дараахь байдлаар хязгаарлаж болно:
8.2.1.цэргийн алба хаагчийг хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад хэм хэмжээнд зааснаас илүү цагаар ажиллуулах;
8.2.2.захирагч, даргын шийдвэрээр цэргийн алба хаагчийн амралтын цагийг цэргийн дүрэмд заасны дагуу хязгаарлах;
8.2.3.цэргийн алба хаагчийн алба хааж байгаа ангийн байршлаас шалтгаалан түүний оршин суух газрыг тухайн анги, байгууллагын захирагч, дарга тогтоох.
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЦАЛИН ХӨЛС, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ