26 дугаар зүйл. Ой, хээрийн түймрээс хамгаалах
26.1.Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний дагуу эзэмшиж байгаа ойн сангийн хэсгийг ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
26.2.Түймрийн аюултай үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ой, хээрийн бүс нутагт дараах үйлдэл хийхийг хориглоно:
26.2.1.өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлэх;
26.2.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэх;
26.2.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн болон бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаях;
26.2.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог, хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашиглах.
/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
26.3.Ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм нормативын дагуу бүрдүүлэх ба тэдгээрийг түймэр гарсан үед ашиглахад бэлэн байлгана.
/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/