29 дугаар зүйл. Ойд хориглох үйл ажиллагаа

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Ойд хориглох үйл ажиллагаа

29.1.Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

29.1.1.насны тавдугаар анги хүртэлх ой, бүх төрлийн өсвөр мод, түүнчлэн жодоо, яшил, заг, тоорой, жигд, яргай, сухай, гандигар, тэс болон чацаргана, мойл зэрэг бүх төрлийн жимсний мод, бутыг огтлох, хугалж гэмтээх;

29.1.2.төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойгоос хуш, гацуур, нарсыг бэлтгэх, ашиглах;

29.1.3.ойг хавтгайруулан огтлох аргаар мод бэлтгэх;

29.1.4. ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр өвс хадах;

29.1.5.ойжуулсан, ойн үр бэлтгэх зориулалтаар тусгаарласан болон тарьц, суулгац ургуулсан мод үржүүлгийн талбайд мод бэлтгэх, мал бэлчээх;

29.1.6.энэ хуулийн 14.1, 14.2-т заасан эрх бүхий байгууллагатай зөвшилцөхгүйгээр эзэмшлийн ойд мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах зэрэг үйл ажиллагаа явуулах;

29.1.7.иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах;

29.1.8.байгалийн ойгоос зулзаган модыг түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас аймаг, нийслэлийн байгаль орчны газрын зөвшөөрснөөс бусад тохиолдолд шилжүүлэн суулгах; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

29.1.9.барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд барилгын хэв хашмалын тулаасны зориулалтаар бөөрөнхий мод ашиглах;

29.1.10.ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах;

29.1.11.мод, сөөг нутагшуулах, тарималжуулахаар хийж байгаа туршилт, судалгааны ажлаас бусад тохиолдолд мод, сөөгний тарьц, суулгац импортлох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.