32 дугаар зүйл. Бэлтгэж ашиглах модны хэмжээг тогтоох
32.1.Ойгоос тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал, ой зохион байгуулалтын баримт бичиг, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэл тус бүрээр тогтооно.
32.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээг энэ хуулийн 32.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүрэг бүрээр тогтооно.
32.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг дараах байдлаар тогтооно:
32.3.1.үйлдвэрлэлийн ашиглалт явуулах эрх бүхий аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн огтлолтыг байгууллага бүрээр;
32.3.2.ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах эрх бүхий аж ахуйн нэгжид арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг байгууллага бүрээр;
32.3.3.ойн нөөц бүхий аймаг, сумын иргэдийн ахуйн хэрэглээний болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтын огтлолтыг баг бүрээр.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
32.4.Шинээр мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдсэн газарт ойн орчны нөхцөл өөрчлөгдөхөөс өмнө байгалийн сэргэн ургалтыг дэмжих арга хэмжээг тухайн жилд нь мод бэлтгэгч байгууллага өөрийн хөрөнгөөр, ойг нөхөн сэргээх, үржүүлэх мэргэжлийн байгууллага орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.
32.5.Ойн сангүй болон ойн ашиглах нөөцгүй аймгуудын өрх, аж ахуйн нэгж, байгууллагын түлшний модны хэрэгцээг төвлөрсөн журмаар хангах бөгөөд түлшний модны хөнгөлөлтийн хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/