39 дугаар зүйл. Ойг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг
39.1.Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, түүнчлэн дэвшилтэт арга технологи нэвтрүүлсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулах бөгөөд журмыг Засгийн газар батална.
39.2.Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, буюу илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу урамшуулал олгоно.
39.3.Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд дараах урамшуулал олгоно:
39.3.1.Хууль бусаар бэлтгэж хураалгасан гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээ зэрэг мод, модон материал, түүнчлэн ойн дагалт баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тухайн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, улсын байцаагчид;
39.3.2.Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогын 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтанд.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
39.4.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр бойжуулсан чанартай тарьц, суулгац, тарьсан мод, бут, сөөг, таримал ойг зохих журмын дагуу төрөөс худалдан авах буюу бусад хэлбэрээр урамшуулна.
39.5.Энэ хуулийн 39.2-39.4, 39.10-т заасан урамшуулал олгох журмыг санхүүгийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.6.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг гүйцэтгэх, ойн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихад шаардагдах зардлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
39.7.Ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээний зардлыг аймаг, сум, нийслэл, дүүрэг жил бүрийн төсөвтөө тусгана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.8.Ой, хээрийн түймрийн хор уршгийг арилгах зардлыг улсын төсвөөс гаргаж, ой, хээрийн түймэр гарсан шалтгааныг тогтоосны дараа түүнийг гэм буруутай этгээдээр зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлнэ.
39.9.Ой, хээрийн түймрийн хор уршиг, хөнөөл ихэссэн үед энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан журмын дагуу дайчилгаа явуулахад гарсан зардлыг Засгийн газраас санхүүжүүлж болно.
39.10.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр ой, хээрийн түймэр, хөнөөлт шавжтай тэмцсэн тохиолдолд зохих журмын дагуу урамшуулал олгоно.
/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/