44 дугаар зүйл. Ой, хээрийн түймэр унтраах дайчилгааг зохион байгуулах
44.1.Бүх шатны Засаг дарга нар хүн хүч, техник хэрэгслийг дайчлан нутаг дэвсгэртээ гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах, түүнтэй холбогдсон Засаг даргын шаардлагыг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй.
44.2.Ой, хээрийн түймэр унтраах дайчилгаанд 16 нас хүрээгүй хүн, жирэмсэн эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй хүн хамрагдахгүй.
44.3.Улсын хил, аймаг, сум, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэр дамжсан орон нутгийн хүчээр унтраах боломжгүй ой, хээрийн түймэртэй тэмцэхэд шүүхээс албадан хөдөлмөр хийлгэхээр шийтгэгдсэн хүмүүсийг оролцуулах асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цэргийн ангийн асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
44.4.Ой, хээрийн түймэр унтраах ажилд дайчлагдсан иргэдийн хүнс, бусад хангамж, тээврийн хэрэгсэл, багаж, шатахуунаар хангах асуудлыг дайчилгаа зохион байгуулж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан хариуцна.