7 дугаар зүйл. Ойн тооллого, ой зохион байгуулалт, түүний санхүүжилт
/Энэ зүйлийн гарчигт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ойн тооллогыг таван жил тутам улсын хэмжээнд явуулж, ойн сангийн төлөв байдлыг шинэчлэн тогтооно. Ой зохион байгуулалтын ажлыг арван жил тутамд хийж, ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинэчлэн батална.
/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.3.Гамшиг, аюулт үзэгдэлд нэрвэгдсэн зэрэг онцгой тохиолдолд ой зохион байгуулалтыг энэ хуулийн 7.2-т заасан хугацааг харгалзахгүйгээр хийж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.4.Ойн тооллого, ой зохион байгуулалтыг дараах байдлаар санхүүжүүлнэ:
7.4.1.ойн сангийн нөөцийг тогтоох, бүс нутгийн хөгжлийн төлөв байдлыг тодорхойлохтой холбогдсон хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд ой зохион байгуулалтын ажлыг хийх, улсын ойн менежментийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах зардлыг улсын төсвөөс;
7.4.2.хамгаалалтын бүс тогтоох болон ашиглалтын бүсийн ойд аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ой зохион байгуулалт хийх, ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.4.3.гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ойд хийх ой зохион байгуулалтын ажил, ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг тэдгээрийн хөрөнгөөр, харин анх удаа ойн нөхөрлөлийн эзэмшилд олгогдож байгаа ойн сангийн тодорхой хэсэгт хийх ой зохион байгуулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.5.Ойн тооллого, ой зохион байгуулалт хийх журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ОЙН БҮС, ТЭДГЭЭРИЙН ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ