8 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн ой, түүний дэглэм

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн ой, түүний дэглэм

8.1.Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна.

8.2.Хориотой зурвасын ойд нуур, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1000 метрийн доторх ой, улсын чанартай авто болон төмөр замын дагуу хоёр талын 100 метрийн доторх ой хамаарна.

8.3.Усны хагалбар дахь байгаль орчны тэнцлийг хангах, хөрсний эвдрэлээс сэргийлэх зорилгоор цармын бүслүүрийн ойн заагийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

8.4.Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.

8.5.Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор нийслэл, хот, тосгоны ногоон бүсэд хамаарах ойн заагийг дор дурдсанаар тогтооно:

8.5.1.нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар;

8.5.2.нийслэлээс бусад хотын З0 хүртэл километрийн доторх ногоон бүсэд хамаарах ойн заагийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага;

8.5.3.төв, суурин газрын ногоон бүсэд хамаарах ойн заагийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.

8.6.Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.