23 дугаар зүйл. Сонгуулийн хэсэг

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Сонгуулийн хэсэг

23.1.Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

23.2.Нэг хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймгийн төвд 2500-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байна.

23.3.Баг, хороог бусад баг, хороотой нийлүүлж хэсэг байгуулахыг хориглох бөгөөд сонгогчдын тооноос хамааран баг, хороог хувааж хэсэг байгуулж болно.

23.4.Нэгэнт байгуулагдсан хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг байгуулсан этгээд нь санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагын зөвшөөрлөөр шийдвэрлэж болно.

23.5.Сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийн мэдээллийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжид хүргүүлнэ.

23.6.Хэсгийн талаарх мэдээллийг хүлээн авсан улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгж нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

23.7.Ээлжит сонгуулиар байгуулагдсан хэсгийг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд дараагийн тухайн хэлбэрийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхгүй.

23.8.Хэсгийн талаарх хүлээн авсан мэдээллийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хэсгийн дугаарыг нэгээс эхлэн давхардахгүй байхаар тогтооно.

23.9.Ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш санал хураалт дуустал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно.

ТАВДУГААР БYЛЭГ

СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.