36 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах байгууллагын эрх зүйн байдал

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах байгууллагын эрх зүйн байдал

36.1.Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах сонгуулийн байгууллага нь төв комисс байна.

36.2.Тухайн гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах сонгуулийн байгууллага нь салбар комисс байна.

36.3.Сонгуулийн төв байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, дэд дарга, сонгууль зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

36.4.Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт гурваас долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.

36.5.Төв болон салбар комисс нь үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд, хараат бусаар явуулна.

36.6.Төв болон салбар комисс нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

36.7.Төв болон салбар комиссын үйл ажиллагааны зардал нь сонгууль зохион байгуулах төсвөөс санхүүжнэ.

36.8.Сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах төв болон салбар комиссын шийдвэр нь тогтоол, захирамж, зөвлөмж, албан бичгийн хэлбэртэй байна.

36.9.Сонгууль зохион байгуулах талаар эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан төв болон салбар комиссын шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй.

36.10.Сонгуультай холбоотой харилцаанд төв комиссыг дарга нь, салбар комиссыг ахлах зохион байгуулагч нь төлөөлнө.

36.11.Төв комиссыг ажиллах нөхцөл, боломж, байраар гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссыг ажиллах нөхцөл, боломж, байраар тухайн улсад байгаа дипломат төлөөлөгчийн газар хангана.

36.12.Төв комисс нь сонгуулийн төв байгууллагын шууд удирдлагын дагуу сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулна.

36.13.Салбар комисс нь төв комиссын шууд удирдлагын дагуу гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулна.

36.14.Энэ хуулийн 36.9-д заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд доор дурдсан торгууль ногдуулна:

36.14.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгийн;

36.14.2.албан тушаалтанд гурван сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгийн;

36.14.3.нам, хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллагын удирдлага, сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, нэр дэвшигчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

/Энэ заалтад 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хууиар өөрчлөлт оруулсан/

36.14.4.нам, хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага, хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

/Энэ заалтад 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хууиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.