37 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах байгууллагын эрх хэмжээ

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах байгууллагын эрх хэмжээ

37.1.Төв комисс дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

37.1.1.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

37.1.2.эрх, хэмжээнийхээ хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах;

37.1.3.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан сонгуулийн төв байгууллагаас хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

37.1.4.салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

37.1.5.сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн саналын хуудас, сонгууль зохион байгуулах болон санал авахтай холбоотой бусад баримт бичгийг салбар комисст хүргүүлэх;

37.1.6.шаардлагатай тохиолдолд салбар комисст сургалт зохион байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах;

37.1.7.сонгуулийн төв байгууллагаас хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, салбар комисст хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

37.1.8.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

37.1.9.хууль тогтоомжид заасан бусад.

37.2.Салбар комисс дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

37.2.1.салбар комиссын буюу санал авах байрны хаяг, санал авах өдөр, цагийн хуваарийг сонгогчдод мэдээлэх;

37.2.2.өөрийн байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэж, сонгогчдын бүртгэлийг гарган төв комисст хүргүүлэх;

37.2.3.санал авах байр, саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээг, санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

37.2.4.санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас, санал авахад зарцуулаагүй үлдсэн, хураагдсан, хүчингүй саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэн, санал хураалтын тухай салбар комиссын хуралдааны тэмдэглэл, сонгуулийн бусад баримт бичгийн хамт төв комисст нэн даруй хүргүүлэх;

37.2.5.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

37.2.6.дээд шатны сонгуулийн байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх;

37.2.7.хууль тогтоомжид заасан бусад.

СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.