38 дугаар зүйл. Сонгууль зохион байгуулах зардал
38.1.Сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухай бүр батална.
38.2.Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын сонгуулийн доор дурдсан сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.2.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал;
38.2.2.нэр дэвшигчийн үнэмлэх, сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх хэвлэх, хүргүүлэх зардал;
38.2.3.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хамгаалалтын зардал;
38.2.4.саналын хуудас хэвлүүлэх, хамгаалах, хүргүүлэх зардал;
38.2.5.сонгуулийн дүн, мэдээний маягт, бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчийн гарын үсэг цуглуулах маягт, сонгуулийн байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудас хэвлэх, хүргүүлэх зардал;
38.2.6.тамга, тэмдэг, лац, саналын хуудас битүүмжлэн хадгалах уут бэлтгэх зардал;
38.2.7.санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, программ хангамж, худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээ хийх, тээвэрлэх болон даатгал, тусгай тэмдэглэл хийх хэрэгсэл, тэдгээрийг худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх, татан авах зардал;
38.2.8.санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулах зардал;
38.2.9.саналын хайрцаг хийх, хүргэх, санал авах байрын болон санал авах байр бэлтгэх, тохижуулах зардал;
38.2.10.сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн бусад акт, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, хүргэх зардал;
38.2.11.сонгуулийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, нөөц даамлын сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;
38.2.12.сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;
38.2.13.сонгуульд нэр дэвшүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, зарцуулалтыг хянан шалгахад гарах зардал;
38.2.14.нэмэлт болон дахин санал хураах, ээлжит, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулах зардал;
38.2.15.сонгуулийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын тухайн сонгуулийн байгууллагад ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал;
38.2.16.сонгуулийн байгууллагын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;
38.2.17.гадаад улсад байгаа иргэдийн санал авахтай холбогдон гарах зардал;
38.2.18.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;
38.2.19.сонгуулийг зохион байгуулахтай холбогдсон бусад зардал.
38.3.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, улсын бүртгэлийн байгууллагын төсөвт тусгана:
38.3.1.сонгогчдыг бүртгэх, тэднийг таньж оруулах техник хэрэгсэл, сэлбэг, программ хангамж, тусгай тэмдэглэл хийх хэрэгсэл, тэдгээрийг худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх, хэвлэх, тээвэрлэж хүргүүлэх, татан авах болон түүнтэй холбогдсон бусад зардал;
38.3.2.сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнийг цахим хуудаст байрлуулах, түүний программ хангамж, түрээс, хэвлэх, хүргэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах, түүнтэй холбогдсон бусад зардал;
38.3.3.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан болон итгэмжлэгдсэн ажилтны зардал, мөнгөн урамшуулал, хоол, унааны зардал;
38.3.4.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан болон итгэмжлэгдсэн ажилтны сургалт зохион байгуулах, түүнтэй холбогдсон бусад зардал;
38.3.5.сонгогчдыг бүртгэх, санал авах техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын ажилтны томилолт, унааны зардал, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээлэл технологийн шуурхай багийн мөнгөн урамшуулал, хоол, унааны зардал;
38.3.6.нэмэлт болон дахин санал хураах, ээлжит бус болон дахин сонгууль явуулах тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас гаргах зардал;
38.3.7.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал.
38.4.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон доор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, цагдаагийн байгууллагын төсөвт тусгана:
38.4.1.санал авах байрын хамгаалалт, шатахуун, техник хэрэгслийн зардал;
38.4.2.цагдаагийн албан хаагчийн томилолт, мөнгөн урамшуулал, хоолны зардал.
38.5.Орон нутгийн хурлын нөхөн, дахин, ээлжит бус сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.