40 дугаар зүйл. Сонгуулийн зардал
40.1.Сонгуульд оролцож байгаа буюу нэр дэвшүүлсэн нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана.
40.2.Сонгуулийн зардал нь дараах хөрөнгөөс бүрдэнэ:
40.2.1.хандив;
40.2.2.намын өөрийн хөрөнгө;
40.2.3.нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө.
40.3.Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг банкинд нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд энэ хуульд заасан журмын дагуу төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна.
40.4.Сонгуулийн зардлын данс нь төгрөгийн данс байна.
40.5.Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд болон хандивын бус аргаар сонгуулийн зардал цуглуулах, түүнчлэн бэлэн мөнгөөр хүлээн авсан хандивыг зардлын дансанд оруулахгүйгээр зарцуулахыг хориглоно.
40.6.Энэ хуулийн 40.3, 40.5-д заасныг зөрчсөн нам, эвсэл, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.