43 дугаар зүйл. Намын сонгуулийн зардлын данс
43.1.Нам улсын хэмжээнд сонгуулийн зардлын нэг данстай байна.
43.2.Нам аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбартай бол тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт сонгуулийн зардлын данстай байж болно.
43.3.Нам банктай энэ хууль, банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын данс эзэмшигчийн гэрээ байгуулсны үндсэн дээр зардлын данс нээлгэнэ.
43.4.Намын сонгуулийн зардлын данснаас захиран зарцуулах эрх нь улс төрийн намын хууль тогтоомж, дотоод дүрэмд заасан эрх бүхий нэг этгээдэд хадгалагдах бөгөөд түүний эрх олгосноор өөр этгээд захиран зарцуулж болно.
43.5.Нам нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг дараах төрийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй:
43.5.1.сонгуулийн төв байгууллага;
43.5.2.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
43.5.3.төрийн аудитын дээд байгууллага.
43.6.Намын сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн зардлын данснаас зарцуулах зарцуулалтын хэмжээ энэ хуульд нийцсэн байна.
43.7.Энэ хуульд тусгайлан заасан хугацаанаас бусад тохиолдолд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргахыг хориглох буюу битүүмжлэх бөгөөд зөвхөн орлого оруулахыг зөвшөөрнө.
43.8.Энэ хуулийн 43.5, 43.7-д заасныг зөрчсөн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвслийн эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.