50 дугаар зүйл. Мөнгөн хандив

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Мөнгөн хандив

50.1.Мөнгөн хандив дараах хэмжээнээс хэтрэхгүй байна:

50.1.1.иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл;

50.1.2.хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл.

50.2.Иргэн, хуулийн этгээд нь нэг нам, эвсэл болон нэр дэвшигчид жилд зөвхөн нэг удаа хандив өгч болно.

50.3.Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдсэн эвсэлд давхардуулан сонгуулийн хандив өгөхийг хориглоно.

50.4.Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь регистрийн дугаараа банкны гүйлгээний баримтад заавал тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.

50.5.Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

50.6.Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана.

50.7.Хуулийн этгээд бэлэн мөнгөөр хандив өгөх, хуулийн этгээдээс бэлэн мөнгөөр хандив авахыг нам, эвсэл, нэр дэвшигч, эдгээрийн сонгуулийн штабт хориглоно.

50.8.Иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд нь тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулна.

50.9.Энэ хуулийн 50.2-т заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан хэмжээний торгууль ногдуулна:

50.9.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

50.9.2.хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

50.10.Энэ хуулийн 50.7, 50.8-д заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:

50.10.1.нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

50.10.2.иргэн, нам эвслийн сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн штабын удирдлагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

50.11.Энэ хуулийн 50.2, 50.7-д заасныг зөрчиж авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.