10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
10.1.Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
10.1.2.Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар батлах;
10.1.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг батлах;
10.1.5.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.1.6.төсвийн төсөл нь Өрийн удирдлагын тухай хууль болон энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
10.1.7.төсвийн хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.8.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд тайлагнах;
10.1.9.Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Засгийн газрын үнэт цаас гаргах;
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10.1.10.Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулахаар хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн байгууллагыг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах;
10.1.11.төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж, улсын төсвийн байгууллагаас нийлүүлэх арга хэмжээний чанарын шаардлагыг хангуулах;
10.1.12.Засгийн газрын зээл болон улсын өрийн удирдлага, түүний стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10.1.13.төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг бүртгэх, кодлох, төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журмыг батлах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.1.14.тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалтад шинэ арга хэмжээ нэмж тусгахгүйгээр, тэдгээрийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх.
10.1.15.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авч үнэлэх, сонгон шалгаруулах журмыг батлах
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.2.Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын төлөвлөлтийг сайжруулах, түүний тайлагналт, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилготой татвар төлөгчдийн төлөөлөл бүхий төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон салбарын эрдэмтдээс бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус төсөв, санхүү, эдийн засгийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулна.
10.3.Энэ хуулийн 10.2-т заасан үндэсний зөвлөл нь төсвийн төсөл болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.4.Энэ хуулийн 10.2-т заасан үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.
10.5.Энэ хуулийн 10.1.13-т заасан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хянах, тайлагнах болон төрийн болон орон нутгийн өмчид бүртгэхдээ төслийн кодыг үндэслэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./