11 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
11.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл болон жилийн төсвийн хязгаарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.2.санхүү, төсвийн удирдлагын асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд заавар, журам батлан гаргах;
11.1.3.төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоох;
11.1.4.төсөв, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулан, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
11.1.5.төсвийн дэлгэрэнгүй ангиллыг батлах;
11.1.6.Засгийн газраас эрх олгосноор зохих хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газрын нэрийн өмнөөс өр үүсгэх, өрийн баталгаа гаргах, өр үүсгэх зөвшөөрлийг энэ хуулийн 62.6.2-т заасны дагуу олгох;
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.1.7.төсөв, татварын харилцааг зохицуулах хуулийн төсөл нь төсөв, санхүүгийн бодлогын баримт бичигтэй нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;
11.1.8.зээл, тусламжийн санхүүжилт, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын удирдлагыг хэрэгжүүлэх, үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
11.1.9.өрийн удирдлага, түүний стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.1.10.төрийн сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах;
11.1.11.төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах;
11.1.12.төсвийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
11.1.13.энэ хуулийн 8.6.3-т заасан төсвийн хуваарийг батлан мөрдүүлэх, түүнд өөрчлөлт оруулах;
11.1.14.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, тухайн жилийн төсвийн болон төсвийн нэмэлт, өөрчлөлттэй нь хамт батлуулах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.1.15.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөл, төлбөрийн хуваарийг тогтоох;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
11.1.16.төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох;
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.17.төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох;
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.18.орон нутгийн саналд үндэслэн орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам батлах;
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.1.19.орон нутгийн саналд үндэслэн Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг тогтоох; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.1.20.энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төсвийн байгууллага, бусад этгээдээс гаргуулан авах.
/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.21.Монгол Улсын Засгийн газраас тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд гадаадын тусламж авах асуудлаар хэлэлцээ хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах, гэрээ хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах;
/Энэ заалтыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.1.22.орон нутгийн саналд үндэслэн Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, бүртгэлтэй холбоотой журам батлах.
/Энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.1.23.улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээний аргачлалыг батлах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./