31 дугаар зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн төсөл

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн төсөл

31.1.Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн төсөл дараах шаардлагыг хангасан байна:

31.1.1.санхүүжилтийг үндсэн чиг үүрэгт хамаарах хөтөлбөр, арга хэмжээний хүрээгээр тодорхойлсон байх;

31.1.2.хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг тодорхойлсон байх;

31.1.3.жилийн төсвийн хязгаарт багтаасан байх;

31.1.4.эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийн хэмжээг холбогдох хөтөлбөрт тусгасан байх;

31.1.5.эрхлэх асуудлын хүрээнд төсвөөс санхүүжүүлэх тэтгэвэр, тэтгэмж, бусад санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээг холбогдох хөтөлбөрт тусгасан байх;

31.1.6.худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг хавсаргасан байх.

31.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 31.1.3-т заасан хязгаарт багтаагүй саналаа төсвийн төслийн тооцоонд тусгахгүйгээр холбогдох үндэслэл, тайлбарын хамт ирүүлнэ.

31.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 31.1-д заасан шаардлагыг хангаагүй төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг буцаана.

31.4.Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд дараах тооцоог хавсаргана:

31.4.1.төсөвт төвлөрүүлэх орлогын тооцоо;

31.4.2.төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогын тооцоо;

31.4.3.шинээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний тооцоо;

31.4.4.нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй болсон хөтөлбөр, төсөл, арга хэмжээг зогсоох, эсхүл санхүүжилтийг бууруулах санал, тооцоо;

31.4.5.төсвийн гүйцэтгэлийн дүн шинжилгээний тайлан болон тухайн жилийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн урьдчилсан тооцоо;

31.4.6.төсвийг хэрэгжүүлэхэд шаардагдах орц, төсөв, санхүүжүүлэх эх үүсвэр, хүрэх үр дүнг хөтөлбөрөөр болон эдийн засгийн ангиллаар илэрхийлсэн зарлагын хуваарилалтын тооцоо;

31.4.7./Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.5.Засгийн газар болон Засаг даргын зөвлөл нь төсвийн төслийг төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр хэлэлцэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.